(976) 11-314000 | This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

|

 

МҮХАҮТ болон Германы ХАҮТ-уудын холбооны хамтын ажиллагааны төсөл, Увс аймаг дахь ХАҮТ, Увс аймгийн ЗДТГ,  Улаангом сумын ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газартай  хамтран Увс аймагт анх удаа “Чацарганы баяр”-ыг 9 дүгээр сарын 20-нд зохион байгууллаа. Чацарганы баярт 150 гаруй тариалагч болон боловсруулагчдын төлөөлөл оролцов.

Чацарганы баярын арга хэмжээг аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга У.Ганзориг нээж үг хэлсэн бөгөөд SEQUA төслийн ахлагч Рольф Шпайт мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үеэр “Чацарганы салбарын өнөөгийн байдал, цаашид хийгдэх ажил” сэдвээр аймгийн ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очир, “Жимс, жимсгэний салбарын ажлын тайлан, зорилт”-ын талаар Увс аймаг дахь жимс, жимсгэний холбооны тэргүүн Ж.Доожав, “Чацаргана тарих арга, агратехник ба сорт”-ын талаар Газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батболд, “Орон нутгийн түвшинд техникийн боловсрол олгож буй өнөөгийн байдал, сайжруулах арга зам” сэдвээр Улаангом политехник коллежийн багш Ч.Тунгалаг, “Чацарганыг хортноос хамгаалах арга” сэдвээр ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Ц.Сайнзаяа, “Чацарганы газар зүйн заалт” сэдвээр Франц-Монголын газарзүйн заалт дээрх хамтын ажиллагааны зохицуулагч Бландинь Арвис нар илтгэл тавилаа.

Түүнчлэн Увс аймаг дахь ХАҮТ-ын дарга С.Сэржим  Чацарганы кластер багийн ажлын тайланг тавьсан байна. “Чацарганы баяр”-ын хүрээнд зохион байгуулагдсан томоохон арга хэмжээ бол үзэсгэлэн худалдаа байлаа. Уг үзэсгэлэнд  чацаргана болон бусад төрлийн жимс жимсгэнэ тариалан түүнийгээ боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй 20 гаруй компани, хоршоод, хувь хүмүүс өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр  оролцов.

Мөн энэ үеэр “Инновацийн  шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах уралдаан”-ыг дүгнэж  шилдэгүүдийг шалгаруулж, сурагчдын урлагийн тоглолт, гар зураг, шүлэг болон бусад тэмцээн уралдаанууд зохион байгуулагдаж, үзэсгэлэн худалдаанд оролцогчдын дунд шилдэг бүтээгдэхүүн шалгаруулж шагнаж урамшууллаа.

МҮХАҮТ болон ГХАҮТХ хоорондын хамтын ажиллагааны төслийн хүрээнд Увс аймгийн ЗДТГ-тай хамтран Тэрэм хад орчмын 1,1 км урттай усалгааны  шуудууг сайжруулах ажил хийгдсэн ба энэхүү шуудууг сайжруулснаар Гашууны голын  ус нэмэгдэж  тус голоос тариалалтын усалгаагаа хийдэг 44 тариаланчдад очих усны хүртээмж нэмэгдэж байгаа юм. Тэрэм хадны усалгааны шуудуугаа ч бас энэ үеэр нээж ашиглалтыг нь зарлав.

Чацаргана бол үр жимсээ өгөхийн хажуугаар байгальд хамгийн ээлтэй мод. Чацарганы мод цөлжилтийг сааруулах, эвдэрсэн талбайг нөхөн сэргээхэд хамгийн тохиромжтой. Чацаргана гүний усыг татаж, үндсэндээ асар их ус хуримтлуулдаг. Тиймээс ойр хавийнх нь гол мөрний урсац сайжирдаг аж.